Тэтгэлэгт тэнцэхүйц амжилттай ЭССЭ бичих 7 ҮЕ ШАТ

2018 оны 8-р сарын 9    12 цаг 57 минут

Олон улсын ямар ч төвшний тэтгэлэгт өөрийн зорилт болон өгөгдсөн асуултад хариулахуйц чадварлаг эссэ бичихийг шаардлага болгодог. Зарим томоохон их дээд сургууль дүнгийн голч оноо, гаргасан амжилтаас илүү өөрийгөө тодорхойлсон эссэнд өндөр ач холбогдол өгөн тэтгэлгийн эзнийг шалгаруулдаг. Тэтгэлэгт өрсөлдөхөөс гадна, академикийн боловсрол эзэмшихээр суралцах үед ч эссэ бичих шаардлагатай алхам тутам тулгарна. Тиймээс үр дүнтэй, бүтээлч эссэ бичих 7 үе шатыг баримтлахыг зөвлөж байна.

1. Сэдвээ нарийвчлан сонго.

Сэдэв өгөгдсөн бол түүнээ дэлгэрүүлэх хэрэгтэй. Өөрөө сонгох бол эссэний хэлбэр, өнцөгөө нарийн тодорхойлоорой. “Таны цаашдын зорилт” гэсэн асуултад хариулахын тулд ямар өнцөгөөс бичихээ сонгохын тулд цаасан дээр сэдвээ бичээд “Brainstorming” буюу чөлөөт сэтгэлгээгээр хандан, холбоотой сэдэв, дэд сэдвүүдийг бичиж, үүнээсээ нарийвчилсан сэдвээ гаргаарай.

2.  Санааныхаа гол шугмыг ол.

Сэвдээ нарийвчлан сонгосон бол түүнээ дэлгэрүүлэн, бүтээлчээр баяжуулах хэрэгтэй. Юун түрүүнд өөрт төрсөн бүх бодлоо бичиж дууссаны дараа зохион байгуулж, дэс дараагаар нь байрлуулж болно. Мөн зорилгоо эссэнийхээ толгой хэсэгт бичих нь эссэг буулгах үед өөр сэдэв рүү хэт хазайхаас сэргийлнэ. Ялангуяа тэтгэлгийн эссэ бичиж байгаа бол юун түрүүнд "Таны бусдаас ялгарах давуу тал юу вэ?", "Амьдралын онцлог юу вэ?" гэдэгт онцгой анхаарал хандуулаарай. Тантай адил хэдэн мянган оюутан байгааг сана.

Image result for scholarship essay

3. Гол санааг илэрхийлсэн хэсгийг тодотгох.

Эссэнд олон санаа, дүрслэл холилдож гол утгыг уншигч ойлгох аргагүй болох аюултай. Тиймээс уншигчид “Аан энэ гол утга нь байна” гэсэн бодол төрөхүйц тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь, та “Улсын ерөнхийлөгчийн тухай бодлоо хуваалцана уу?” гэсэн эссэнд эхний хэсэгт ерөнхийлөгчийн тухай бичих бол, дараагийн хэсэгт “Ерөнхийлөгчийн улс орны харилцаанд нөлөөлөх байдал” зэргээр нарийвчлах хэрэгтэй. Өөрийгөө тодорхойлох эссэнд “Би шилдэг оюутны шагнал хэд хэдийг авсан” гэлгүй “Би өөрийгөө сорих, тэмцэх дуртай. Тиймээс шилдэг оюутанд өрсөлдөхдөө баяртай байсан” зэргээр тэмдэг нэрээр бус, үйл явдал аргументээр санаагаа дэмжээрэй.

4. Араг ясыг буулгаарай.

Дээрх 3 үеийн дараа эссэний ерөнхий төрх байдал буух болно. Үүнийг зөв найруулан, холбоосыг гарган буулгаарай. Нэг параграф буюу цогцолбор нь нөгөөгөө дэмжих, дэлгэрүүлэх, уялдах үүрэгтэй байх хэрэгтэй.

5. Шигтгээ оруулах

Үүний дараагаар эссэндээ сонирхолтой мэдээлэл, үйл явдал, ишлэл зэрэг орсныг нягтлаарай. Ямар өнцгөөс хэрхэн буулгав? Зорилгодоо хүрэхэд нэмэлт шигтгээ санааг хэрхэн оруулах уу? гэдэгт анхаараарай. 

6. Товч танилцуулга бичих

Өөрийн эссэний тухай цөөн өгүүлбэрээр тодорхойлоорой. Эрдэм шинжилгээний ажил, өгүүлэлд утга санаагаа танилцуулсан товч тайлбар хэрэгтэй болдог. Яг түүн шиг товчоор тодорхойлсноор тэтгэлгийн шалгаруулалтын үеэр ирэх асуултад ч хариулах чадвартай болно.

7. Хянан нягтлах

Эссэг бичиж дуусгасны дараа үс үсэг, утга найруулгыг маш сайн хянах нь зүйтэй. Мэргэжлийн багш нарт үзүүлж санал зөвлөмж авах нь үр дүнтэй ч тэднийхээр утга санаагаа бүрэн өөрчлөх хэрэггүй. Таны өөрийн санаа цор ганц давтагдашгүй байх нь чухал юм шүү. Ингээд эссэгээ тэтгэлэгт илгээхээс өмнө ахин нягталаарай. Мөн таны эссэ “байдаг л нэг” болсон эсэхийг интернэтэд тавигдсан эссэтэй харьцуулж болох юм.

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг