Я.Борчулуун: Харвард хүрч боломгүй холын зорилго биш, уйгагүй хөдөлмөрлөвөл биелэх бодит мөрөөдөл

2019 оны 10-р сарын 16    10 цаг 18 минут

Я.Борчулуун: Харвард хүрч боломгүй холын зорилго биш, уйгагүй хөдөлмөрлөвөл биелэх бодит мөрөөдөл

Мэдээллийн зан үйл судлаач, доктор Ядамсүрэнгийн Борчулууныг ДЭЛХИЙН МОНГОЛ булангийн ээлжит зочноор урьж, ярилцлаа. Тэрээр Новосибирскийн техникийн улсын их сургуулийг удирдлагын автоматжуулсан системийн инженер мэргэжлээр төгсч, АНУ-ын Миззурийн их сургуульд сэтгүүл зүйн магистр, мэдээллийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд "Интернэтээс санамсаргүй байдлаар мэдээ олж унших зан үйл”-ийн чиглэлээр судалгаа хийдэг. Эрдэм шинжилгээний 20 орчим бүтээлээ англи хэл дээр хэвлүүлсэн. Өдгөө АНУ-ын Норфуэстэрний их сургуульд судлаачаар ажиллаж байгаа юм.

Түүнчлэн тэрээр “Харвардын серендипити: Төгсөгчийн ээжийн тэмдэглэл” номынхоо нээлтийг хийгээд удаагүй байгаа юм. Бид түүнтэй судлаачийнх нь хувьд, мөн Харвард төгсөгчийн ээжийнх нь хувьд ярилцсанаа хүргэж байна.     

-Санамсаргүй байдлаар мэдээ олж унших зан үйлийн талаар олон жил судалсан тань сонирхол татлаа. Судалгааныхаа тухай товч хуваалцахгүй юу?

-Орчин үед интернэт, технологийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүсийн мэдээллийн зан үйл асар хурдацтай өөрчлөгдөж байна. Энд тэндээс тасралтгүй, хурдацтай бөмбөгдөх түмэн жорын мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйгээ шүүж авна гэдэг амаргүй болсоор байгаа. Хүний анхаарал төвлөрөх хугацаа ч улам бүр багассаар байна.  Өмнө нь бид мэдээ олж уншихын тулд сонин сэтгүүл захиалдаг, эсвэл зурагт үзэж, радио сонсдог байсан бол орчин үед тэр уламжлалт зан үйл аажмаар алга болж байна. Дийлэнх хүмүүс мэдээ уншъя гэсэн зорилгогүйгээр сошиал медиа сайт руу ордог. Хамгийн энгийнээр тайлбарлавал, энэ үедээ ямар нэг мэдээнд урхидуулахыг санамсаргүй байдлаар мэдээ унших зан үйл гэж нэрлээд байгаа юм. Энэ үйл явц зөвхөн сошиал медиагаар хязгаарлагдахгүй бидний өдөр тутмын амьдралд байнга тохиолддог. Миний хувьд чухам ямар орчинд ямар мэдээ, мэдээлэл, ямар хүний анхаарлыг хэрхэн татдаг болох нарийн үйл явц, үр дагаврыг судалдаг.

Санамсаргүй байдлаар мэдээ олж унших нь хоёр талтай. Өдөр тутмын ажил амьдралдаа хэрэг болох, санаанд оромгүй сонирхолтой мэдээлэлтэй тааралдах нь хувь хүний хувьд шинэ санаа олох, чухал шийдвэр гаргах, сэтгэл санаагаа өргөх, урам зориг авах зэрэг өгөөжтэй байх нь олонтаа. Өглөө сэрмэгц утсан дээрээ ямар мэдээтэй таарав гэдгээс тухайн өдрийн сэтгэл санаа хамаарах нь ч бий. Нөгөө талаар санамсаргүйгээр олсон мэдээг сайн нягталж шалгалгүй итгэх, бусдад дамжуулах зуршил нь хувь хүнээр хязгаарлагдахгүй нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг.

Орчин үед уншигчид сэтгүүлчидтэй эн тэнцэх, заримдаа бүр илүү их хүчтэй үр нөлөө үзүүлэх үйлдэл хийж байна. Үүний тод жишээ нь хуурамч, зохиомол мэдээ ямар ч хаалтгүйгээр түймэр шиг хурдан тархаж буй явдал. Тухайлбал, санамсаргүй байдлаар олсон мэдээнд шүүлтүүргүй итгэх зуршил дээр тулгуурлан Оросууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн.  Энэ бүхэнтэй уялдаатайгаар сошиал сүлжээгээр тархаж буй мэдээллийн урсгалыг яаж хянах, залах вэ гэдэг том асуудал тулгарч байгаа юм. Интернэт хэрэглэгч бүрийн дэлгэцэн дээр гарч ирэх мэдээ мэдээллийг том компаниудын ашиг сонирхолд нийцсэн, нүдэнд үл үзэгдэх, нууцлаг алгоритмууд зохицуулж байна. Үүний нөлөөгөөр хүмүүс оюун санааны хувьд хязгаарлагдмал мэдээллийн хүрээлэлд орохыг “filter bubble” буюу шүүлтүүрт бөмбөлөг гэж нэрлэж байгаа юм. Гүүгл гэхэд хүн бүрийн хайлт хийж буй түлхүүр үгс, сонирхож буй сэдэв, үйлдэл бүрийг алдалгүй цуглуулан хадгалсныхаа үр дүнд их өгөгдөл бүрдүүлж аваад хиймэл оюун ухаан, машин сургалт гэх зэрэг хамгийн сүүлийн үеийн технологиор үнэлгээ шинжилгээ хийгээд ямар мэдээлэл сонирхож байгаад таамаглал дэвшүүлдэг. Дата буюу өгөгдлийн шинжлэх ухаан энэ талаар хүчтэй хөгжиж байна. Ингэснээр Гүүгл, Фэйсбүүк зэрэг дэлхий даяар ноёлсон компаниуд бидний тухай өөрсдөөс маань ч илүү мэдчихдэг. Үүнийхээ үндсэн дээр тухайн хүний сонирхолд нь нийцүүлсэн явцуу хүрээнд мэдээ мэдээлэл, сурталчилгаа өгч байна.  Хүмүүс үүнд нь өөрийн мэдэлгүй залагдаад байдаг.  Өнөөдөр интернэтээс бидний авч буй мэдээллийг хэн ч,  хаанаас ч удирдаж чадахаар байна гэсэн үг. Энэ үйл явцыг задлахад санамсаргүй байдлаар мэдээ унших зан үйлийг судлах нь олон талаар ач холбогдолтой байгаа юм.  

-Судалгааныхаа үр дүнд  орчин үеийн хүмүүсийн мэдээ уншиж байгаа дөрвөн бүлгийг судалгаагаар тодорхойлсон гэлүү?

-Тийм. Нэгд, мэдээний үнэнч уншигч гэсэн бүлэг тодорхойлсон. Энэ бүлгийнхэн өөрт таалагддаг сонин, сэтгүүлээ тогтмол захиалж, уншдаг. Зурагт радиогийн хэдэн сувгийг тогтмол үздэг, эсвэл мэдээллийн хэдэн сайтууд руу өдөр тутам ордог зуршилтай байдаг.  Өөрөөр хэлбэл, тухайн сайт, сонинг тогтмол уншдаг хүмүүс. Хоёрт, мэдээнээс зугтагчид. Хар бараан мэдээлэл уншихаас  татгалздаг бүлгийнхэн. Энэ бүлгийнхэн хэвлэл мэдээлэл хэт сөрөг мэдээлэл түгээдэг тул сэтгэл санаанд нөлөөлж байна гээд ийм шийдвэр гаргадаг. Гэхдээ харамсалтай нь орчин үед мэдээнээс бүрмөсөн зугтаах боломж бага.

Гуравт, мэдээтэй тааралдагч, хүссэн ч хүсээгүй ч мэдээ намайг өөрөө олоод хүрээд ирнэ гэж үздэг бүлгийнхэн. Тэд санамсаргүй байдлаар мэдээ олж уншдаг. Мэдээ олж уншихын тулд хичээл зүтгэл гаргах шаардлагагүй гэдэг нь санаснаар нь болдог.  

Дөрөвт, олон нийтийг дагагчид. Тэд интернэтээр цацагдах мэдээлэлд олон нийтийн саналыг авдаг мэдээллийн тусгай сайтуудыг ихэвчлэн уншдаг. Хувийн сонирхлоос илүүтэй олон нийтийн чиг хандлагаас хоцрохгүй байх нь чухал гэж үздэг. Тиймд массын уншиж буй сэдвээр голчлон сонголтоо хийдэг. Энэ дөрөв дээр нэмээд, өөр нэгэн бүлэг миний судалгаагаар тодорсон нь нэг төрлийн “болгоомжлогч” уншигчид. Энэ бүлгийнхэн гэнэтийн газар хөдлөлт, дайн дажин, байгалийн гамшиг, сүйрэл, олон нийтийг хамарсан өвчин эмгэг зэргээс айж, эмээснээс үүдээд тухайн болгоомжилсон сэдвээрээ өдөр бүр мэдээ хайж уншдаг зуршилтай. Өмнө нь тэр төрлийн эмгэнэлт үйл явдлаас цочирдсон хүмүүс иймэрхүү зуршилд орох талтай санагдсан.

-Та дэлхий дээрх сэтгүүл зүйн хамгийн анхны сургуулийг төгссөн юм байна. Танай сургуульд  сэтгүүлчдийг хэрхэн бэлтгэдэг вэ?

-Миззурийн сэтгүүл зүйн сургууль 1908 онд байгуулагдсан. Сэтгүүлчийг мэргэжлийн төвшинд бэлдэж эхэлсэн дэлхий дээрх хамгийн ууган сургууль. Сургууль байгуулагдсан түүхэн үе нь их сонин. Америкийн нийгэмд дуулиан шуугиан хөөсөн шар мэдээ давамгайлж, олон сэтгүүлчид ашиг олохын тулд бичдэг байж. Сэтгүүлчид бичсэн материалынхаа хэмжээгээр цалин хөлс авдаг байсан тул тэд хүний анхаарлыг татах, ач холбогдол багатай, хувь хүний нууцад халдсан урт материал бичдэг байсан гэдэг. 1898 оны Испани-Америкийн дайны дараа томоохон бизнесүүдийн хээл хахууль, хүн амын хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээний олон тулгамдсан асуудал тулгарчээ. Улс төр, сэтгүүл зүй хоёрын зааг тодорхойгүй байв. Америкт хувь хүн ба нийгмийн эрх ашиг хоёрыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал тулгарсан, цаашид яаж хөгжих вэ гэдэг шийдэл хэрэгтэйг нийгэм даяараа мэдэрсэн “дэвшлийн үе” байсан гэдэг. Америкийн ардчиллыг цааш хөгжүүлэхийн тулд сэтгүүлчийг мэргэжлийн сургуулиар бэлтгэх нь зүйтэй гэдэг хөдөлгөөний тэргүүнд Миззурийн хэвлэлийн холбооны тэргүүн Уолтэр Уиллиамс зогсож байж. Ардчилсан нийгэм хөгжихөд төрөл бүрийн мэргэжлийн сургуулиар боловсон хүчин бэлтгэх нь чухал гэсэн урсгал дунд сэтгүүлчийн мэргэжил оржээ. Сургууль соёл дүүргэлгүй, сонин хэвлэлийн газарт ажилд ороод дагалдан суралцдаг уламжлал цааш явахгүй болсныг олон зүйл гэрчилсэн байна. Сэтгүүлчид тэр үед бусад мэргэжлийнхэнтэй харьцуулахад өөрийн гэсэн дагаж мөрдөх стандартгүй байж. Ийм учраас хуульч, эмч, шашны мэргэжилтнүүд их дээд сургуульд тусгай хөтөлбөрөөр сурч төгсдөгтэй адилаар “сэтгүүлч” хэмээх мэргэжилтэн бэлтгэх албан ёсны сургалтыг Миззурийн их сургуульд Уолтэр Уиллиамс нээсэн түүхтэй. Үүнээс өмнө цөөн тооны их дээд сургуулийн англи хэлний факультетэд сэтгүүл зүйн хичээл заадаг байсан гэдэг. Уиллиамс ардчилсан нийгмийг хөгжүүлэхийн тулд сэтгүүлчийг мэргэжлийн сургуулиар бэлтгэж байж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэнэ гэдэг зарчим баримталсан. Түүний хөрөг, бичсэн сэтгүүлчийн тангараг нь Миззурийн сэтгүүл зүйн сургуулийн хананд өлгөөстэй байдаг. Энэ тангараг нь сэтгүүлч хүн нийгмийн тусын тулд ямагт шударга байх зарчмыг баримталж, эрүүл саруул ухаанаар, үнэн зөв, алдаа мадаггүй мэдээ бичиж түгээх ёс зүйн тунхаглал. Тангарагт бас сэтгүүлч хүний хийж болохгүй үйлдлүүдийг тусгасан байдаг. Үүнд хээл хахууль авах, шуналд автах, худал хуурмаг, алдаатай мэдээлэл түгээх, аль нэгэн хувь хүн, байгууллагын эрх ашгийг хамгаалах зэрэг багтана. Уиллиамсын бичсэн тангараг нь 1922 онд Америкийн сонины редакторуудын холбооноос ёс зүйн журам гаргах суурь болсон гэдэг.

Уолтэр Уиллиамс сэтгүүлчийг дан ганц онолоор бус дадлага хийлгэх лабораторид сургахын чухлыг онцолж, “Миззурийн арга” боловсруулсан.  Сэтгүүлч болохоор сурч буй оюутнуудыг яг л усанд сэлэхийг зааж байгаа юм шиг мэдээ бичих процесст шууд оруулдаг. Сургууль дэргэдээ өөрийн сонин, радио, телевизтэй. Оюутнууд ямар чиглэлээр төрөлжихөөсөө хамаараад, хичээлээ сонгож, мэдээ бичих ажилд ордог.

 

Миний хувьд эхний семестрийн сонины мэдээ бичих хичээл хамгийн хэцүү байсан. Мэргэжлийн сэтгүүлч бэлтгэх хамгийн анхны лаборатори болж, сургуультай цуг байгуулагдсан “Коламбиа Миззуриан” сонинд ажиллаж, бичсэн мэдээнүүдээ хэвлүүлж дүн авах амаргүй давааг туулсан. Очоод удаагүй гадаад оюутны хувьд Америкийн нийгэм, соёлын талаар ойлголт хангалтгүй байсан тул мэдээ бүрийг бичихийн тулд өөртөө нээлт хийж, их зүйл судлах шаардлага тулгарсан. Хэлний мэдлэг дулимаг байсан болохоор хүнээс ярилцлага авах, бичихэд хүндрэлтэй зүйлүүд олон гарч байсан. Мэдээ сурвалжлагаа цагт нь гаргахын тулд машин бариад давхих шаардлага тулгарна. Энэ нь машин барьж сураагүй байсан надад өөр бас нэг хүндрэл болсон. Америк оюутнууд ярилцлага, сурвалжлага хийхээр машинаа бариад цагтай уралдан давхиж байгаа нь гайхал төрүүлдэг байж билээ. Америкийн хоёр сонинд ажиллахад хамгийн эхний даалгавраар бурхан болсон хүний тухай эмгэнэл бичих нь сонин байсан. Тухайн хүний гэр бүл, найз нөхөдтэй ярилцлага хийж, амьдралын түүхийг нь сонирхолтой байдлаар бичихийг шаарддаг. Мэдээний хичээл зааж байсан багш маань “Амьдралынхаа туршид нэг ч удаа сонин хэвлэлд нэр нь гарч үзээгүй хүн байж болно шүү дээ. Тийм учраас тэр хүмүүст боломж олгож, амьдралынх нь тухай сонирхолтой түүх бүтээх буянтай ажил хийж байна гэж бод” хэмээн зоригжуулж байсныг мартдаггүй юм. Эргээд бодоход энэ нь ямар ч гэмт хэрэг, үхэл, хагацал, зовлонг сурвалжлахад сэтгүүлч хүн сэтгэлийн хаттай байх ёстой гэдэгт бэлтгэж байсан юм шиг. Нөгөөтэйгээр сэтгүүлч хүн уйлсан, инээсэн, шоолсон, тохуурхсан, уурласан, гунигласан гээд ямар ч хүнийг яриулах чадвар эзэмших ёстой тул үүнд бэлтгэж байсан юм болов уу гэж боддог.

Харвардын боловсролын нэг нууц нь серендипитийг идэвхтэй эрэлхийлдэг оюутнуудыг бэлтгэдэг

 

 

 

-Таны бичсэн “Харвардын серендипити” номыг уншсан. Та номондоо Харвардын их сургуулийн амжилтын нэг нууц нь серендипити болох тухай бичсэн байсан. Серендипити чадвар гэж юу вэ, хүнд яагаад тийм чухал вэ?  

-Юуны түрүүнд “серендипити” гэдэг үгийн утгыг тайлбарлах нь зүйтэй болов уу. Энэ нь санамсаргүй байдлаар нээлт хийх, азтай үр дүнд хүрэх гэсэн утгатай. Санамсаргүй тохиолоор буюу "серендипити" байдлаар мэдээ олж унших талаар олон жил судаллаа. Гэхдээ одоо болтол "serendipity"-г ганц үгэнд багтаан монголоор орчуулах арга хараахан олоогүй л байна. Зөвхөн монгол руу ч бус өөр бусад хэл рүү орчуулахад амаргүй гэдэг. "Серендипити" гэдэг үг 18-р зуунд анх үүссэн боловч XX зуун болтол англи хэлний хэрэглээнд нэвтрээгүй гэдэг. Англи хэлэнд энэ үгийг хамгийн анх зохиолч Хорас Уолпол аялал хийж байх зуураа найз дипломат Хорас Маннд илгээсэн захидалдаа хэрэглэсэн түүхтэй. Тэрээр аяллынхаа явцад олон зүйлийг серендипитигийн хүчээр хийж буйгаа дурдаад, энэ шинэ үгийн талаар Перс шүлгийн санаанд тулгуурласан "Серендипийн гурван ханхүү” хэмээх эртний үлгэрээс эш татан тайлбарласан гэдэг. Тэр үлгэрийн талаар номондоо бичсэн байгаа.

 

Шинжлэх ухаан, технологи, бизнесийн салбарт олон эрдэмтэд, суут ухаантнуудын санамсаргүй хийсэн завшаантай алдаа, эгзэгтэй мөчид хийгдсэн байдаг. Пенициллин, богино долгионы зуух, рентген зураг, тэмдэглэл хийж наадаг цаас, шүр шар наалддаг цахилгаан, тефлон, нейлон гээд бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг олон зүйлс ийм санамсаргүй үйлдлийн үр дүнд бүтсэн. Орчин үед бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, инновац хийхэд нөлөөлдөг хүчин зүйлийн дотор серендипити анхаарал татсан чухал хэсэг болж байна. Нөгөө талаар өндөр хурдтай технологийн үр дүнд хэрэглэгчид бид төрөл бүрийн үл үзэгдэх алгоритмаар удирдуулж, мэдээлэл, үзэл бодлын бяцхан тойрогт эргэлдэх болсон орчинг серендипитигийн хүчээр задлах боломжийн талаар Харвард, Массачусэтсийн Технологийн Институт болон бусад сургуулийн эрдэмтэд шийдэл хайж байна.

Харвардын ерөнхийлөгч асан хатагтай Дрү Фауст оюутнууд, эцэг эхчүүдэд эрсдэл хийхээс айлгүйгээр, өөрийн бодол, байр сууриа ганхуулж болох сонин учралуудыг хайх, турших, өөрсдийгөө шинээр нээхийн тулд серендипити хайхын чухлыг дөрвөн жилийн хугацаанд дахин, дахин сануулсан нь анхаарал их татсан. Тэрээр сошиал медиа, сэлфийн эрин үед аж төрж буй өнөө цагт "echo chamber" буюу өөрөө өөрийнхөө оюун бодлын цуурайг сонсох мэдээллийн хязгаарлагдмал тойргоос гарахын тулд ажигч гярхай байхын чухлыг онцлон тэмдэглэсэн. Харвардын боловсролын нэг нууц нь серендипитийг идэвхтэй эрэлхийлдэг оюутнуудыг бэлтгэж буй мэт санагдсан. Энэ талаар номондоо дэлгэрэнгүй бичсэн.

Охиноо багаас нь Харвардад оруулна гэж тусгайлан бэлдээгүй. Харин...

 

-Ээж хүний хувьд охидынхоо боловсрол, хүмүүжилд хэрхэн анхаарал хандуулдаг вэ. Харвардад оруулахын тулд охиноо хэрхэн бэлдсэн бэ?

-Шинэ оюутнуудын эцэг эхчүүдийг хүлээн авах уулзалт дээр Харвардын нэгдүгээр дамжааны оюутнуудын декан Томас Дингман зарим эцэг эхчүүд хүүхдээ дэлхийн топ сургуулиудад элсэн орох өрсөлдөөнд орохын тулд өлгийтэй байхаас нь бэлтгэдэг болсон тухай дурдаж байсан. Үүнийг ургуулан бодвол хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэхийн тулд нялх балчир наснаас нь анхаарах нь чухал гэсэн үг. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг шүү дээ. Бидний хувьд хүүхдээ багаас нь Харвардад оруулна гэж тусгайлан бэлдээгүй. Эрдэм боловсролыг эрхэмлэсэн гэр бүлийн уур амьсгал, сурах хөгжих боломжоор баялаг орчин бүрэлдүүлэхийг хичээдэг. Хамгийн гол нь хүүхдэд ихийг сурах мэдэх эрмэлзэл, зорилго тавиад түүнийхээ төлөө уйгагүй ажиллах чадвар суулгах нь чухал санагддаг. Үүнд хичээлээс гадуурх төрөл бүрийн арга хэмжээнүүдийн үүрэг их. Тухайлбал, төгөлдөр хуур, усан сэлэлт гэх мэт төрөл бүрийн спортоор хичээлүүлэх нь заавал мундаг хөгжимчин, тамирчин бэлдэхдээ бус ямар нэг жижиг зорилго тавиад түүнийхээ төлөө хөдөлмөрлөхөд сургана. Хөгжим дарж сурахын тулд өдөр бүр хэнээр ч хэлүүлэлгүй уйгагүй давтах сахилга бат, төвлөрөх чадвар маш чухал. Усан сэлэлтийн тэмцээнээр гэхэд хүүхэд өмнөх рекордоо хэдхэн секундээр  ахиулахын тулд хэдэн арван удаа дасгал сургуулилт хийх жишээтэй.

Харвард оюутнуудаа гурван гол шалгуураар сонгодог

-Харвардад сурахын тулд ямар шалгуурыг давах ёстой вэ. Залууст хандаад зөвлөгөө өгөхгүй юү?

-Харвардад ямар чиглэлээр, аль төвшний  сургалтад хамрагдахыг хүсч буйгаас хамаараад шалгуур нь өөр. Бакалаврын чиглэлээр Харвард коллежид гэхэд дэлхийн өнцөг булан бүрээс 35 мянгаас 40 мянга орчим хүүхэд материалаа явуулж, ердөө таваас долоон хувийн магадлалтайгаар дараа жилийн нэгдүгээр дамжааны 1600-1700 оюутны нэг болохын төлөө өрсөлддөг юм билээ. Харвард коллеж сонгон шалгаруулалтдаа “holistic approach” буюу элсэлтийн материалын цаана байгаа хүнийг бүхлээр нь шинжлэн судлах аргыг хэрэглэж, хүүхэд бүрийн өвөрмөц онцлог, хамт олон болон сургуульдаа ямар хувь нэмэр оруулдаг вэ гэдэг тал дээр онцгой анхаардаг байна.  

Хүүхэд бүрийн материалыг гурван гол шалгуураар сонгон шалгаруулдаг. Эхнийх нь сурлагын дүн. Ингэхдээ зөвхөн дүнг хараад зогсохгүй, чухам хаана ямар улс, хотод, аль сургууль төгссөн, хэр хэцүү хичээл сонгон суралцаж байсныг нь харна. Үүгээр тухайн хүүхдийн ихийг сурах эрмэлзэл, бэрхшээлийг даван туулах чадвар зэргийг нарийвчлан үнэлнэ. Хоёрт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдгийг харна.  Хамгийн сүүлд уншсан ном, ямар сайтаас мэдээллээ уншдаг, спорт, урлагаар хичээллэдэг эсэх нь чухал үнэлгээ болдог. Энэ нь тухайн хүүхдийн өөрийгөө хөгжүүлэх чадвар, оюуны цар хүрээг харуулна. Гуравт, тухайн хүүхдийн хувь хүний чанарыг илтгэн бичсэн эссэг нь сонголтын чухал шалгуур болгодог юм билээ. Харвард хүрч боломгүй холын зорилго бус, хичээн суралцаж, уйгагүй хөдөлмөрлөвөл  биелэх бодит мөрөөдөл шүү гэж хэлмээр байна.

Дэлхийн топ сургуулиуд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж байна

-Төгсгөлд нь залууст хандаад юуг хэлэх вэ?

-Хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжүүд өдөр тутмын олон ажлыг хөнгөвчилж, халж буй талаар хэвлэл мэдээллээр тасралтгүй бичиж байна. Амазон компани ямар ч худалдагчгүй дэлгүүр нээгээд туршиж эхэлсэн. Тэслагийн өөрөө өөрийгөө жолооддог машиныг хүмүүс аль хэдийнэ унаад давхиж байна. Хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн оношилгооны системүүдийг олноор нь туршиж буйгаас Гүүглийн төхөөрөмж уушгины хавдрыг эмчээс илүү оношилж байна гэсэн мэдээ саяхан уншсан. Ийм эрин үед амьдарч буй хүмүүс мэдлэг мэргэжлээ байнга сайжруулан сурч боловсрох эрмэлзэлтэй байж, хаашаа ч хөрвөж чадах чадвар эзэмших нь чухал. Дэлхийн топ сургуулиуд оюутнууддаа яг ийм чадварыг эзэмшүүлэхийг зорьж буйг олон жишээнээс харж болно. Уламжлалт аргаар нэг мэргэжлээр сураад насан туршдаа тэр чиглэлээрээ ажиллаж хоолоо олж иднэ гэдэг орчин үед худлаа болж байна. Баттай суурь боловсрол, сурах арга барилыг сайтар эзэмшсэн байх нь нийгмийн хэрэгцээ шаардлагад тохирсон ажил хөдөлмөрийн өөрчлөлтийг дагаж хувирах боломж олгоно. Нөгөө талаар хиймэл оюун ухаанаар удирдуулсан төхөөрөмж, роботуудаар амьдралаа удирдуулах бус харин тэдгээрийг хүссэнээрээ залахын тулд хүн өөрөө байнга урагшаа тэмүүлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэх шаардлага тулгарна. Ийм учраас эрч хүчтэй залуу насандаа цагаа хий дэмий үрж, гар утасны дэлгэцэндээ наалдаж, сошиал медиад ойр зуурын хов жив, сенсаац хөөцөлдсөн хязгаарлагдмал мэдээллийн орчинд эргэлдэхээ хязгаарламаар санагддаг. Тархи оюунаа чанартай, үр өгөөжтэй мэдээллээр байнга тордвол амжилтад хүрнэ. Өөртөө ойрын болон холын зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд шантралгүй, уйгагүй хөдөлмөрлөвөл санасандаа хүрэх бололцоо маш их байна. Орчин тойрондоо болж буй үйл явдалд анзааргатай хандаж, зөвхөн өөрийнхөө төлөө бус бусдын төлөө буянтай үйл бүтээх зөв хандлага, сэтгэл бас чухал санагддаг. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг