Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант

2018 оны 8-р сарын 2    16 цаг 22 минут

 

Их Британи,  албан ёсоор Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

(товч. ИБУИНВУ; англ. The United Kingdom of Great Britain and Northern Ireland, United Kingdom, UK) нь баруун Европын арлын улс юм. Газар нутаг нь Их Британи арал, Ирланд арлын зүүн хойд хэсэг, бусад жижиг арлуудаас тогтоно. Умард Ирланд нь дангаараа өөр улстай газраар хиллэдэг. Энэ хилийг эс тооцвол Их Британи нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Хамгийн том арал болох Их Британи нь Ла-Маншийн хонгилын авто замаар Францтай холбогддог.

 

Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаар бүрдсэн нэгдсэн улс юм. Энэ улс нь парламентийн системээр удирдуулдаг бөгөөд засгийн газар нь нийслэл Лондонд оршдог. Мөн Үндсэн Хуульт хаант улс бөгөөд төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет юм. Сувгийн арлууд болон Мэн арлаас тогтсон Титмийн газрууд (Crown Dependencies) нь албан ёсоор улсын эзэмшил боловч Нэгдсэн Вант Улсын хэсэг биш, харин түүнтэй холбоо үүсгэдэг. Нэгдсэн Вант Улс нь хуучин Британийн эзэнт гүрний хэсгүүд байсан, 14 гадаад харъяат газартай. Британийн эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын бараг дөрөвний нэгийг эзэлж, түүхэндэх хамгийн том эзэнт гүрэн байжээ. Энэ гүрнээс шууд шалтгаалж Канад, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Сингапур, Шри Ланк, АНУ гэх мэт улсуудад Британи нь ихэд нөлөөлж, нөлөөлөл нь тэдгээрийн хэл, соёл урлаг зэрэгт ажиглагдана. Хатан хаан II Элизабет нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн (Commonwealth of Nations) тэргүүн хэвээр үлдсэн бөгөөд бүх гишүүн орнуудын төрийн тэргүүн юм.

 

Нэгдсэн Вант Улс нь өндөр хөгжилтэй орон ба эдийн засаг нь дэлхийд зургаад (худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ) эсвэл тавд (нэрлэсэн ҮНБ) орно. 19 ба 20-р зууны эхэн үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан боловч дэлхийн хоёр дайн, 20-р зууны сүүл үед тохиолдсон эзэнт гүрнийх нь задрал зэргээс шалгаалж дэлхийн ажил хэрэгт тэргүүлэгч байр суурьтай оролцох явдал нь багасчээ. Гэлээ ч гэсэн эдийн засаг, соёл урлаг, цэрэг арми, улс төрийн нөлөө нь их бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм. Нэгдсэн Вант Улсын цэрэг, хамгаалалтанд зарцуулах мөнгөний хэмжээ нь дэлхийд хоёрт эсвэл гуравт (тооцоолох аргаас шалтгаална) орно. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд Европын холбоо, Их Найм, НАТО, Дэлхийн худалдааны байгууллага, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл зэрэг байгууллагуудын гишүүн юм.

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг