Баярын Жагсаалд Монголчууд Оролцлоо

2018 оны 8-р сарын 1    17 цаг 40 минут

2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Канад Улсын үндэсний баярын арга хэмжээний хүрээнд Монреаль хотноо “Montreal Canada Day Parade” нэртэй баярын жагсаалд Монреаль хотын монголчууд Монгол соёлоо төлөөлөн амжилттай оролцлоо. Жил бүр Монреаль хотноо уламжлал болон 7 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагддаг энэхүү жагсаал нь 1977 оноос хойш 39 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Канад Улсын төлөөлөл болох олон үндэстэн, байгууллага, нийгэмлэгүүд өөрийн соёл, урлаг, үндэсний хувцас, хөгжимийг олон нийтэд танилцуулах, иргэдийн харилцаа ойлголцоо, эв нэгдэлийг бэхжүүлэх зорилготой юм.

Канад Улсын хувьд олон үндэстнээс бүрдсэн гэдгээрээ их бахархаж эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлээр Канадын засгийн газар, мужууд болон хотууд иймэрхүү арга хэмжээг их дэмждэг байна. Энэ удаагийн баярын жагсаалд Канадын Гадаад хэргийн сайд Стефан Дион, Монреаль хотын дарга, бусад албаны хүмүүс болон нийт 72 байгууллага оролцсон бөгөөд Монгол, Хятад, Герман, Армени, Энэтхэг, Унгар, Иран, Грек, Итали, Индонези, Польш, Филиппин, Дани, Перс, Голланд, Шри Ланк, Ирланд, Япон гэх мэт орнуудын төлөөлөл өөрийн үндэсний соёл, урлагаа нийт хүрэлцэн ирсэн 40,000 гаруй хүнд танилцуулснаар онцлог байлаа.

Монгол-Канадын соёлын нийгэмлэг, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Кебек мужид оршин сууж буй Монгол иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж, монгол дуу, хөгжим эгшиглүүлж ийнхүү амжилттай танилцуулав. Энэхүү эрга хэмжээнд Монгол-Канадын соёлын нийгэмлэг Монгол соёлоо 4 дэхь жилдээ Канадын ард түмэнд танилцуулаад байна.

Канад Улсад одоогоор нийт 5300 гаруй монгол иргэд амьдарч байгаагаас Монреаль хотод 200 гаруй нь амьдардаг байна.

Сэтгэгдэл бичих

© 2024 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг