Хятад (1949 оноос хойших үеийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс) — дорно Азид оршсон бүрэн эрхт улс. Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн 3-р том орон бөгөөд зүүн талаараа Номхон далайд тулж бусад талаараа Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афган, Тажик, Хиргис, Хасаг, Монгол, Орос, Умар Солонгос гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр. Тайвань, Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.36 тэрбум буюу дэлхийн хамгийн олон хүнтэй улс юм. Үндсэн хүн ам хятад үндэстнийг (91.5%) багтаагаад 56 нэрийн ард түмэн байна. Албан ёсны хэл — хятад. Нийслэл — Бээжин.
Хятадад эртнээс соёл иргэншил тогтсон. Домгийн Шя улсаас хойш НТӨ 221 онд Цинь улс хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 онд манж Чин улс мөхсөнөөр хаант засгаас татгалзаж, бүгд найрамдах засаг авсан бөгөөд иргэний дайныг төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан. Коммунист (эв хамт) улс төрийн дэглэм, зах зээлийн баримжаат социалист (нийгэм журамт) эдийн засагтай, нэгдмэл төрийн байгууламжтай. Дотроо муж, өөртөө засах орон, төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг.
Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр АНУ-ын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсан НҮБ-ын суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм. ДХБ, АПЕК, ШХАБ, Их хорь зэрэг олон улсын байгууллагын гишүүн.
Нийслэл Бээжин (18.8 сая)
Том хот Шанхай (22.3 сая)
Албан хэл хятад хэл (умард аялгуу)
Албан үсэг хялбар ханз (1956, шинээр)
хэцүү ханз (уламжлалт)
Ард түмэн
(2010 он) Хятадын ард түмэн →
91.65% – хятад үндэстэн
1.30% – жуан үндэстэн
7.05% – бусад ард түмэн
- Нутгийн олон Хятадынхан
(Хятад улсынхан)
Төр засаг Эв хамт дэглэм, нэгдмэл байгууламж, нэг нам, бүгд найрамдах засагтай
- Улсын дарга Ши Жиньпин (2012)
- ТЗ-ийн дарга Ли Кэчян (2013)
- Улсын хурал «Ардын Төлөөлөгчдийн
Их Хурал» (АТИХ)
- АТИХ-ын дарга Ю Жөншэн
Ард түмэн
БНХАУ ард иргэдээ хэл, яс үндсийг нь харгалзан 56 нэрээр бүртгэдэг. Үндсэн хүн ам Дотор газрын унаган, тариачин уламжлалтай хятад үндэстэн 91.5 хувийг бүрдүүлж, Төвөд Шиньжян хоёроос бусад муж, оронд дийлэнх олон болон амьдарч байна.