КАНАДЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

2018 оны 8-р сарын 1    17 цаг 47 минут

ОРШИЛ

Канад улс олон улсын үнэлгээг тэргүүлэгчдийн эгнээнд харьцангүй хожуу орж иржээ. Тус улс 1980, 1990-ээд онд олон улсын үнэлгээнд Япон, Солонгосын адил хошуучлагч эсэх нь тодорхойгүй байв. Харин 2000 онд PISA үнэлгээний эрэмбийг мэдээлсний дараа Канад нь сурлагын амжилтаар хошуучлагч орон гэдгээ харуулсан юм. Энэ нь хожмын PISA үнэлгээнүүдэд дахин батлагдсан байна. Үнэлгээ Канад нь өндөр дундаж оноотой төдийгүй бусад олон үндэстэнтэй харьцуулахад нийгэм-эдийн засгийн дээд, доод статус хооронд онооны ялгаа багатай орон гэдгийг харуулжээ.

Канадын сайн гүйцэтгэлийн цаад шалтгааныг ойлгоход амаргүй байна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Канадад боловсролын хэргийг орон нутгийн мужийн түвшинд удирддаг ба үүнд холбооны засгийн газрын үүрэг хязгаарлагдмал, зарим талаар огт байхгүй юм. Канадын 10 муж, 3 бүс нутаг тус бүр өөрийн түүх, засаглалын бүтэц, боловсролын стратегитэй. Хоёрдугаарт, Канад нь саяхнаас боловсролын амжилтаа харуулсан тул Канадын амжилтын түүхийг бүхэлд нь өгүүлж чадах судалгааны хоёрдахь эх сурвалжтай болж чадсан зочин судлаач, эрдэмтэн, ажиглагчдын эгнээ хараахан бүрэлдээгүй ажээ. Энэ хязгаарлалтаас үүдэн энэ тайлан илтгэл Канадын боловсролын тогтолцоо ба боловсролын бүхий л амжилтынх нь шалтгааны талаар харьцангүй бага зэрэг мэдэгдсэн зүйлийг тус улсын хамгийн том муж Онтариогийн боловсролын ойрхи үеийн стратегийг гүнзгийрүүлэн авч үзсэн байдлаар зураглахыг чадах чинээгээр хичээв.

Энэ тайлан илтгэл бусад мужуудын талаарх цаашдын судалгаанд урам зориг өгөх зорилготой. Ингэснээр тэдгээр судалгаанууд Канадын амжилтын шалтгааныг илүү тодорхой үнэлэх боломжтой болно. Канад нь өөр хоорондоо ихээхэн ялгаатай, ялангуяа хэл ба угсаатны ялгаа бүхий холбооны тогтолцоотой улсын хувьд амжилт үзүүлсэн нь анхаарал татаж байна. Иймд энэ улсын амжилтын тухай асуулт маш чухал юм. PISA үнэлгээний бусад тэргүүлэгч орнууд харьцангүй жижиг, соёлын хувьд нэгдмэл байдагтай харьцуулахад Канад нь том, газарзүйн хувьд жигд бус, олон янзын соёл бүхий улс хэрхэн боловсролын амжилт гаргаж болох вэ гэдгийг харуулах загвар болж байгаа юм.

                      

КАНАДЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Дээр өгүүлсэнчлэн Канадын боловсролын хамгийн гайхалтай дүр зураг нь төвлөрлийн сааралт юм. Энэ нь хөгжингүй ертөнц дэх холбооны боловсролын алба буюу газаргүй цорын ганц улс болно. Тус улсын боловсролыг 10 муж, З бүс нутаг нь тус бүртээ хариуцана. Тэдгээрээс дөрвөн мужид нь Канадын 5 сая орчим сурагчийн 80 хувь нь бий: Онтарио (2 сая), Квибек (1 сая), Британий Колумб (610 000), Алберта (530 000).

Мужид үүрэг хариуцлагыг мужын төв засгийн газар ба орон нутгаас сонгогдсон сургуулийн зөвлөл хувааж үүрнэ. Мужийн засгийн газар сургалтын хөтөлбөр боловсруулах, сургуулиудын гол чухал олон бодлогыг тодорхойлох, бүгдийг биш юм гэхэд сургуулиудын ихэнх санхүүжилтийг (санхүүжилтийн хэв маяг мужуудад бага зэрэг ялгаатай) гаргах үүрэгтэй. Боловсролын сайдыг мужийн хууль тогтоох байгууллагын гишүүдээс сонгогдсон мужийн захирагч сонгох ба тэрээр эрх барих намын танхимын гишүүн болно. Орлогч сайд нь боловсролын газрын ажлын үйл ажиллагааны их хариуцлагыг үүрэх төрийн албан хаагч байна. Боловсрол ба хандлагын хувьд сурган хүмүүжүүлэгчийн үзлээр ханддаг мужын боловсролын газрын төрийн албан хаагч ба илүү өргөн хүрээний шинэчлэлийн хөтөлбөр санал болгож магадгүй сонгогдсон тушаалтны хооронд санал зөрөлдөөн байж болно.

Орон нутгийн сургуулийн зөвлөлүүдийг сонгодог байна. Тэд ажилтнуудыг ажилд авч, захирал ба ахлах ажилтнуудыг томилдог. Мөн зөвлөлүүд нь жил бүрийн төсвийг тогтоож, зарим хөтөлбөрийн талаар шийдвэр гаргадаг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам нэгдэх үйл явцаар дамжин дүүргүүдийн тоо цөөрч байгаа ажээ. Тухайлбал, Алберта түүхэндээ 5000-аас олон дүүрэгтэй байсан бол 20-р зууны төгсгөлд тэдгээрийн тоо 70-аас цөөн болсон байна. Канадад муж ба дүүргийн хооронд зохицуулах засаг захиргааны түвшин байхгүй бөгөөд мужийн хэмжээнд санаачлага гарвал муж ба дүүрэг нэг нэгэнтэйгээ шууд харьцдаг.

Канадад багш нар эвлэлдэн нэддэг бөгөөд хамтын хэлэлцээрийн нэгжүүд нь мужуудад харилцан адилгүй: зарим хэлэлцээр орон нутгийн түвшинд, зарим нь мужийн түвшинд, зарим нь холимог байна. Хэдийгээр гэрчилгээ олгох стандартыг уламжлал ёсоор мужууд тогтоодог боловч багшийн сургалтыг их сургууль дээр явуулдаг. 1989 онд Британы Колумб нь Британы Колумбын багшийн коллежид элсэлт, сургалтын чиглэл, багшийн мэргэжлийн хөгжлийг өөрөө мэдэж зохицуулах онцгой үүрэг хариуцлага оноосноор багш нар өөрийн удирдлагатай болсон анхны муж болжээ. 1996 онд  Онтарио муж Британы Колумбын жишгээр дээхтэй ижил үйл ажиллагаа явуулах эрх бүхий Онтариогийн багшийн коллежийг байгуулав. Тус коллежийн удирдах зөвлөлийн 31 гишүүний 17 нь коллежоос сонгогдсон багш нар, 14 нь Онтариогийн Боловсролын сайдын томилсон хүмүүс байна. Аль аль тохиолдолд цалин хөлс гэх мэтийн уламжлалт асуудлууд хамтын хэлэлцээрийн асуудал болох бөгөөд энэ нь дээр дурдсан өөрийн удирдлагад хамаарахгүй юм.

Мөн Канадын тогтолцоо нь хэлний ялгаа, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандах байдлыг мужийн хэмжээний боловсролын зорилтуудаар дамжуулан тэнцвэржүүлэх хүчин чармайлт гаргадагаараа олон улсад онцлог юм. Шашны хувьд 1867 оны Үндсэн хуулийн 93-р хэсэгт санхүүжилт ба багш нарыг нь мужаас хянадаг улсын санхүүжилттэй протестант, католик сургуульд хүүхдүүдээ явуулахад нь эцэг, эхийн эрхийг хамгаалахыг зорьжээ. Энэ бүтэц нь тэдгээр сургуулиуд ба сургуулийн зөвлөлүүд хувийн салбарт бус, харин төрийн сургуулийн тогтолцоонд харъяалагдаж, Боловсролын яамны хэсэгчилсэн хяналтад байдаг гэсэн үг юм. Тэдгээр сургуулийг Канадын баруун хэсэгт “тусгаар сургууль”, зүүн хэсэгт нь “тэрслүү сургууль” гэж нэрлэдэг. Эдгээр зохион байгуулалт яг ямар замаар хөгжсөн нь мужуудад ялгаатай: Алберта, Онтарио, Саскатчеван зэрэг зарим мужид тусгаар буюу эсэргүү сургуулиуд байдаг бол Манитоба, Британий Колумб гэх мэт зарим мужид хүүхдүүддээ католик буюу протестант боловсрол эзэмшүүлэхээр зорьж буй эцэг эхчүүд улсаас зарим нэг санхүүжилт авдаг хувийн сургуульд хүүхдүүдээ явуулах хэрэгтэй болдог.

Канадад эхэн үед зөрчил тэмцэл нь шашны шинжтэй байсан бол сүүлийн жилүүдэд хэл илүү их анхаарал татаж байна. Канадын хүний эрх ба эрх чөлөөний чартерын 23-р хэсэг нь цөөнхийн хэл (англи, франц)-ээр ярьдаг эцэг, эхийг хамгаалж, бага, дунд сургуульд эх хэлээрээ сурах эрхийг тэдний хүүхдүүдэд өгч, хэрэв хангалттай тооны иргэд хүсэх юм бол “цөөнхийн хэлний боловсролын дэд бүтэц” байгуулахыг зөвшөөрдөг ажээ. Энэ эрхийг эдлэхэд цөөнхийн хэлээр ярьдаг хэдэн сурагч шаардлагатай вэ гэдэг дээр зарим маргаан гардаг: Квибект энэ тоог зөвхөн нэгээр тооцон тайлбарладаг бол Нова Скотиад франц хэлт сургууль байгуулахад 50 сурагч хэтэрхий цөөн гэж үздэг. Зарим хүний хувьд “цөөнхийн хэлний боловсролын дэд бүтэц” гэдгийг сургуулийн хүрээнд тусдаа франц хэлт хөтөлбөр байна гэж хардаг бол зарим нь үүнийг тусдаа франц хэлний сургууль байгуулах шаардлага мөн гэж үздэг байна. Гэхдээ “цөөнхийн хэлний боловсролын дэд бүтэц” гэдэг нь чухам ямар утгатай болохыг шүүхээс тогтоож өгөх хэрэг гарсаар байна.

Канадад сурагчдыг АНУ-тай тун ижил арга хэрэглэн чадвараар нь ангилдаг байна. Бага сургуулийн насны хүүхдүүдийг чадвараар бүлэглэн янз бүрийн ангид хуваарилна. Дунд сургуулийн сурагчдыг тухайн үед тогтоосон чадварын түвшнийг нь үндэслэн хөтөлбөрүүдэд хуваарилна. Ихэнх ахлах сургууль ерөнхий, ахисан түвшний, мэргэжлийн, их сургуулийн элсэлтийн гэх мэт тусгайлсан хөтөлбөрүүдтэй ажээ. Сургалтын энэ практик өнөө үед доод түвшний хөтөлбөрт ангилагдсан сурагчдыг хангалттай шамдуулж сургадаггүй, зөвхөн тухайн үед ажиглагдсан чадвараар нь ангилж ялгадаг хэмээн шүүмжлэгдэж байна.

Дайны дараах үеийн Канадын боловсролын шинэчлэлийн товч түүх АНУ ба бусад аж үйлдвэржсэн ертөнцтэй их нийтлэг юм. 1950, 1960-аад онд эдийн засгийн их өсөлт нь сургууль боловсролын өсөн нэмэгдэж буй шаардлагатай хамтаар 1950-иас 1970-аад оны хооронд сургуульд зарцуулах санхүүжилтийг түргэн хугацаанд нэмэгдүүлэхэд хүргэжээ. Энэ үед сургууль байгуулах, багш нарын тоог нэмэгдүүлэхэд их хүчин чармайлт гаргасан байна. Багшийн эрэлт нэмэгдсэнээс багшийн цалин хөлс тухайн үед нэлээд нэмэгдсэн ажээ. Сургууль, багш нарт юу заах вэ гэдэг дээр илүү бие даасан байдлыг олгож, мужийн сайд нарын хянах үүргийг хязгаарлах буюу үгүй хийв. Үүнтэй зэрэгцэн мужууд сургуулийг санхүүжүүлэхэд илүү их үүрэг хариуцлага үүрэх болсон: 1950 онд орон нутаг сургуулийн зардлын 64 хувь, муж 36 хувийг гаргаж байсан бол 1970-аад онд энэ харьцаа ихээхэн өөрчлөгдөж муж 60 хувийг, орон нутаг 40 хувийг нь гаргах болжээ. 1997 он гэхэд 10 мужаас 8 нь сургуулийг санхүүжүүлэх бүрэн үүрэг хариуцлага үүрэх болжээ. Канадын боловсролын тогтолцооны бүтэц нь цомхон, жигд юм (Зураг 1).

1950-1960 оны дайны дараах өсөлт нь 1970-аад онд эдийн засагт хүндрэл учруулсан ба 20-р зууны сүүлийн 30 жилд Канад нь боловсролын үр өгөөжөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлаа бууруулахыг зорих болжээ. Глобалчлагдаж, мэдлэгийн эдийн засаг бий болсноор сургууль боловсрол нь эдийн засгийн өрсөлдөөний асуудал болж ач холбогдол нь нэмэгдэв. Үр ашигт анхаардаг неолиберал үзэл боловсролын тогтолцоонд давамгайлснаар илүү олон сонголт бий болгох явдлыг, хувийн сургуулийг дэмжиж, төрийг илүү их хариуцлагатай болгох нь гол чухал болжээ.

1980-аад онд тэргүүлэх дөрвөн муж төвлөрсөн шалгалт, сургалтын хөтөлбөрийн төлөвлөлтийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлсэн бол тэдгээрийн зарим хүчин чармайлт нь сургуулийг сайжруулах “чангалах-суллах” философийн дагуу илүү төвлөрсөн үүрэг хариуцлагыг сургуулийн түвшний хяналттай хослуулан нэгтгэсэн байна. Канадад шалгалтын ач холбогдол Европын ихэнх тогтолцоотой харьцуулахад өндөр, харин АНУ-аас бага юм.

Сэтгэгдэл бичих

© 2025 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг