Гадаадын Шилдэг Их, Дээд Сургуулиудын Тэтгэлэгт Хэрхэн Хамрагдах Вэ?

2018 оны 7-р сарын 23    18 цаг 24 минут

Тэтгэлэгт хамрагдахын тулд нэн тэргүүнд хэлний мэдлэгээ сайжруулах шаардлагатай. Хэлний мэдлэг тань хэдий чинээ сайн байна төдий чинээ боломж таньд нээгдэх юм.

Англи хэлний тухайд SAT, TOEFL, IBT, IELTS шалгалтуудыг өгдөг. Ямар шалгалт өгснөөс үүдэн суралцах улс болон сургуулиуд өөр, өөр байна. Шалгалтаа өгсний дараагаар босго оноо тань хүрч буй сургуулиудад бүртгүүлэх хэрэгтэй. Олон орны оюутан, сурагчид бүргүүлж байгаа учир эрсдлийг тооцож хамгийн багадаа гурван сургуульд бүртгүүлчих хэрэгтэй. Улмаар сургалтын дүн ямар байх эсэх нь ч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад чухал нөлөө үзүүлдэг. Дунд болон дээд сургуулийн дүн тань тэтгэлгээр суралцах сургуулийн шаардаж буй хэмжээнд хүрч байх ёстой.

Дараагийн нэг шалгуур бол уралдаан тэмцээн, сайн дурын үйл ажиллагаануудад оролцдог, бусдыгаа манлайлдаг, нийгмийн идэвх сайтай байх явдал юм. Магистр болон түүнээс дээш түвшний хөтөлбөрт хамрагдах бол нийгэмд эзлэх байр суурь, мэргэжлээрээ ажилласан хугацаа, судалгаа шинжилгээний бүтээл зэргийг шаарддаг.

Сургуульдаа бүртгүүлэх анкетаа бөглөсний дараа эссэ бичих чухал даалгавар таныг хүлээж байна. Эссэндээ та өөрийгөө ямар зорилго зорилт, хүсэл тэмүүлэлтэй хүн болохыг нотлох ёстой. Уг сургуулийг сонгох болсон тухайгаа болон яагаад таньд тэтгэлэг олгох хэрэгтэй талаар ч тодорхой өгүүлнэ. Мэдээж үнэн бодит байх учиртай.

Таны бичсэн эссэ шаардлага хангаж чадвал цахим ярилцлагад уригддаг. Эссэгээ сайн бичиж, ярилцлагадаа сайн орсон тохиолдолд сургуульд тэнцэх, тэтгэлэг авах магадлал ихэсдэг. Иймд эссэ болон ярилцлагадаа гол анхаарлаа хандуулаарай. Дээрх шаардлагуудыг биелүүлснээр та хүссэн гадны их, дээд сургуулиудад суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Мөн дунд болон дээд сургуулийн сурлагын голч, гадаад хэлний шалгалтын дүнгээсээ хамаарч орон орны Засгийн газрын тэтгэлгүүдэд хамрагдах эрх нь нээлттэй юм. Энэ оны тухайд Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдаж, элсэлтээ аваад дуусчээ. Гэхдээ тэдгээрээс жил бүр зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүд бий. Тухайлбал, АНУ-ын төрийн санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэг жил бүр зарлагддаг. Төлбөрийг 100 хувь даадаг уг тэтгэлэг 155 гаруй орны 4000 гаруй суралцагчийг жил бүр шалгаруулан авдаг. Суралцах чиглэлээсээ хамааран TOEFL IBT 90, TOEFL PBT/IPT 575, IELTS-ийн долоон оноотой байх шаардлагатай. Та https://www.offeredscholarships. com/2017/10/usa-fulbrightmastersphd-degree.html энэхүү холбоосоор тэтгэлэгийн талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүй авч болох юм

Сэтгэгдэл бичих

© 2025 Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг